Advertisement
Not a member of Pastebin yet?
Sign Up,
it unlocks many cool features!
- --------------------------------------------------
- Өргөдөл
- --------------------------------------------------
- Эх орон танаа
- Өвгөд шиг ханхайсан
- Уулсын чинь үрчгэр бэлийг
- Ноолж өслөө, эх орон минь
- Үелэн шаргалтах нарны хайлш
- Манхны чинь хээг
- Сандааж өслөө, эх орон минь
- Онгон саранг ергүүлсэн
- Гол горхийг чинь усыг
- Цацан залгилж өслөө
- Эх орон минь
- Он жилүүдийг дагаж туулсан
- Хал хайрын чулуунд бүдэрч
- Ойчиж босож өгслөө
- Эх орон минь
- Ээжийгээ тосон тэнцэж ядсан алхааг минь
- Лимбийн эгшгээр дэмнэсэн
- Эхэлж анх хэлсэн дуун хэлгий үгийг минь
- Эргэл хадны цуурай
- Дагаж хөөрөн тэгшилсэн
- Хөглөрөн цагаан үүлээрээ
- Нулимсыг минь арчиж
- Хөлд орооцолдсон цэцгээрээ
- Нарны инээд далласан
- Эх орон минь
- Би таны
- Бүрд тойрон зээглэх уулс чинь намсах
- Тэр газраас
- Үргэлж ургасан гүвээ толгод
- Бүрэгхэн шанд чинь эцэж шургасан
- Тэр үзүүрээс
- Залгаж ургасан далд урсгал
- Гүрвэлийн хөлд эмзэглэж нурсан манхны
- Өлмий доороос
- Өгсөж нүүсэн элсний чинь үйрмэг
- Гүнд чинь хангинасан дууны цуурай зангирах
- Тэр цэгээс
- Залгаж чарласан нялххан дуу
- Асаж байгаа галын
- Одод хайрсан дөлтэй
- Ар хөвчийн унаганы
- Задгай суман хатираатай
- Ардын сайхан дууны
- Аргадаж зэмлэсэн эгшигтэй
- Аргамгийн толгойтой хуурын
- Суунаг татсан татлагатай
- Аялгуут сайхан шүлэг бичиж
- Ардынхаа сэтгэлийг баярлуулъя гэж
- Арвайн чинээхэн авяъяасаа
- Алган дээр чинь тавья гэж
- Намрын шөнийн тэнгэр доор
- Од хэлхэн зөгнөсөн
- Насны сайн хүлгээ
- Олмоо чангалж мордсон
- Наран саран хоёрыг
- Гэрлээр уулзуулж бодсон
- Найман ганзагат эмээл дээр
- Салхи хөглөж эгээрсэн
- Эмээлийн дууны эзэн намайг
- Эх орон минь та яруу найрагчаараа авна уу
- Үзэл бодлын дайчин хорооны
- Жагсаалын цэргээр бүртгэж аль
- Үр утгын дуугаа амьддаа хэрвээ хураавал
- Үгүйд намайг тооц.
- Цэрэг хүн, танд хэрэгтэй цаг ирвэл
- Бэхэнд нялхарсан гэлгүй намайг дуудаарай.
- Цэнхэр оронд минь дайсан халдвал
- Цэцэн буугаа надаар сумлаж буудаарай.
- --------------------------------------------------
- Миний өвөг эцгийн түүх
- --------------------------------------------------
- Өвөөгөө би үзээгүй
- Өрөөлийн амнаас дуулснаас цаашгүй
- Бүрэг бүдэгхэн түүх
- Бүтэн үеийн түүх
- Түрхрэн эргэх цусны минь цөм
- Түүхэнд бичигдэх өвгийн нэр Равжир
- Түшээт хан аймаг, Зоригт вангийн хамжлага
- Тэртээд улирсан өвөг удмын минь дамжлага
- Өнгөрсөн зууны сүүл дарж өсөөд
- Өнөөгийн зууны босго дэрлэж унасан
- Үдшийн гэгээг морьтойгоо аргамжиж
- Үүртэй золгуулсан гэрлийн илч
- Үрийнхээ заяаг маргааштайгаа аргадаж
- Үнэнийг хайсан гэрийн эзэн
- Хөх талын бүргэд
- Хөдөөгийн буурал өвгөн
- Цахиур бууны аагинд дарь цахиж
- Үрт амьтны эхийг хагацаагаагүй
- Цам майдар хоёроор нүд төдийхөн тайлсан ч
- Урт амьдралыг хуураагүй
- Билгийн дөрвөн улирал дунд усны чулуу шиг элж
- Билүүдсэн хутга шиг ирлэгдэж
- Бэрхийг таньсан зовлон, жаргалын дэнчин
- Бие сэтгэлийн бөхөөрөө гайхуулж явсан бэнчин
- Бэлчээр даган нүүсэн эгэл боргил малчин
- Өдөр, өдрийг хонь шиг холбож
- Өнгөрөх мөчийг хурга шиг хөгнөж
- Урын ханшийг хавраар нээж
- Улирлын ханшийг өвлөөр хааж
- Насыг элээсэн цагийн хэлхээ
- Мөрий нь гандтал өмссөн цайны дээл
- Мөлүү бүүрэгтэй боржигон эмээл
- Хазаар, ногтхон, айргийн хөхүүр, хүүхдийн өөжин
- Хажууд нь зүүгдсэн хоёр хөөрхөн хүү
- Гаднаа майлах хэдхэн хонь, ямаанаас өөр
- Гайхуулж сайрхах хөрөнгө чинээгүй
- Сөөм, сөөмөөр, өсөх үрийнхээ төлөө
- Сөртөнгөө сөнөтөл зүтгэсэн түшиг
- Эсгий үнэг хайчилж
- Эмээлийн жирэм сүлжиж
- Эргэх дөрвөн улирлыг улан доороо өнхрүүлсэн
- Эрлийн уртыг морин дэл дээр эвхэж
- Хорвоогийн нэгэн гүдэсхэн эр хүн
- Хойд, урд Өнжүүлээр нутагланхан суусан...
- Жинд явсан хүнээс
- Дэлхйин сураг сонсдог
- Жил, жилийн шинийн нэгэнд
- Дээлээ нэг сольдог
- Айлын найранд очоод
- Аминдаа хөөрхөн халчихдаг
- Алиа саарлаа дуулаад
- Асгартал нэг уйлчихдаг
- Арав таван малаа байн байн
- Алба гувчуур, жасын санд юүлсэн
- Үгүйдээ гуталгүй, дутуу жаргасан
- Үрээн хараад бүтэн жаргасан
- Зул дальдраасан салхин гарвал
- Тэнгэртээ мөргөдөг
- Хувин хагсаасан нар гарвал
- Хур гуйж сөгддөг
- Бал, хор хоёрын алийг ч
- Балгууллаа гэхэд мөрөөрөө дуугүй
- Байгаль, амьдрал хоёрын алганд
- Барьцгүй бөмбөрсөн мөлгөр шахам явж...
- Хүйтэн шуургатай өвлийн шөнө
- Пайтан Жанамын малыг дагаж яваад
- Хойд Өнжүүлийн сархиаг дунд
- Хоргоож дийлэхгүй малын захад
- Хунгар дотор амьсгаа хурааж
- Хонгор дэлхийг өвлөөр орхиж
- Мөрөөрөө явсан амьдралаа бэртээж
- Мөнхөрдөггүй хорвоогийн горыг амссан
- Зузаан хөр доороос өрөөсөн гар нь цухуйж
- Заадас нумлах тэнгэрийн од тосож царцсан...
- Тэнгэрийн муухай арилахад
- Баяны хонин сүрэг
- Тэр чигээрээ бүтэн
- Гарз үгүй хотлоход
- - Хөөрхий, малд хайртай амьтан гэж
- Хөх Жанам үнэн үгийг аргагүй унагаж
- Зуданд өеөдсөн цагаан ингээ нутаглуулахад нь өгч
- Зул өргөөрэй гэж булан шар тос нэмж
- Өсөхөөс аваад үхтлээ малыг нь хариулсны
- Өгөө авааны дансыг хойно нь ингэж дугуйлсан
- Тоостын хажууд бөхжин зангирсан
- Торойж үлдэх амьдралын учиг
- Тоглож өссөн газар шороондоо
- Шоглуулж байж шингэдэг учир
- Жаргал, зовлонгийн горыг даасан
- Жамтай хорвоогийн ёсыг дагасан өвөө минь
- Ардын хувьсгалыг үзэх
- Аз нь нэг жилээр дутсан
- Ааш хатуу цагийг
- Аргадаж, зовж туулсан
- Эрдэм номыг гэгээгүй ч
- Их амьдралын ухаантай
- “Бэлчээр бүтэн бол мал бүтэн” гэж
- Биеэ нэвчин ухаарсан
- Учир нарийн амьдралын
- Ураг алтан хэлхээ
- Уламж, хойч хоёрын
- Удам залгасан холбоо
- ...Галаа битгий таслаарай
- Өвөг дээдэс даарна
- Газраа битгий хуураарай
- Голомт зэвэр даана гэж
- Захиж суусан өвгөн
- Заяа манасан буурал
- Бүдүүлэг тэр цагийн
- Бүүргийн дөрөөн дээр ноцсон
- Галтай цагаан цахиур
- Эртний монгол түмний
- Эгэл нэгэн зураг
- Эгнээ шүлгийн шадаар
- Миний зурсан хөрөг.
- --------------------------------------------------
- Миний эцгийн түүх
- --------------------------------------------------
- Эцэг минь
- Шар морин жил төрсөн
- Хөдөөний хүн
- Хуурын эгшиг хүнгэнэсэн
- Уулсаа түшиж хөлд орсон
- Хурганы хошуу эргүүлж
- Ижийгээ баярлуулж ганзаганд хүрсэн
- Үлгэрт гардаг “нусгай бор”
- Үнэнд дэмтэй “тустай хүү”
- Сэвлэгэн ширэлдээгий нь самнасан
- Сэлүүн хээрийн салхийг
- Сэтгэлд анх шингэсэн
- Мал малынхаа ухааныг
- - “Энэ миний амьдрал” гэж
- Эс бүхнээрээ ойлгосон ухаарал
- Эр хүн болохын хүсэлд
- Эрвэлзэж ассан төсөөлөл
- Татсан солонгыг сэтгэлээрээ элдэж
- Унасан оддыг алгаараа тосож
- Шилбүүрийн нуруун дээр бага насаа үдэж
- Шинэ төрийн наранг магнайдаа мандааж
- Дөнгөж зургаан настайдаа
- Хурдан морин дээр гийнгоолж
- “Дөмөн” хангинах талдаа
- Чулуун гэрээ дугуйлсан алдрай
- Ядмаг нялхын дуугаа
- Ян хаданд хадааж
- Яргуй нүдлэх энгэрт
- Яруу бодол дэлхээж
- Бие сэтгэл бүхнээрээ
- Бэлчээр, гэр хоёртоо хэлхэгдсэн
- Ураг улаан галын тэнгэр
- Уул талын “Морьтой” дуу
- Эргээн хэлбэсэн ус
- Элж бууралтсан уулс
- Эцэг минь
- Энх цагийг тосож төрсөн
- Амны хишигтэй эр хүн
- Эгэл малчин эцгийнхээ сэтгэлийг
- Ацаглаж үлдсэн аавын хүү
- Сайн ханиасаа хагацсан эхийнхээ
- Санаанд нь хүртэл байгаагүй ч
- Худгийн асгарын дэргэд
- Ховоо татахын дэмтэй
- Хувь заяаны дэнсэнд
- Хүү өссөний түшигтэй
- Хэцүү амьдралд байсан
- Хэрсүү суусан ч эрт
- Эргэх хорвоогийн жамаар
- Эндүү гэндүү хүүхэд
- Энх үүрийн туяаг
- Морин дэл дээр тоссон жаал
- Эцэг нь унасан гэрийнхээ
- Хоймор нь ханхайсаг “Тэргүүлэгч”
- Сумын зангийн цуглуулсан
- Багийн хурлын төлөөлөгч
- Суртал дэлгэрүүлэгчийг дагаж давхисан
- Багачуулын нэгэн морьтой “хараацай”
- Мандах нарны туяанд эгшиг холбон
- Нацагдоржийн шүлгийг хуулсан бичигтэн
- Манай сумнаас эрдэм амссан
- Найман сурагчийн нэг сэхээтэн
- Алдсан олдсон амьдрал дундуур
- Туучиж явсан эгэл ард
- Алдах учиргүй эх орныхоо
- Тугийг барилцсан төрийн эс
- “Монголын үнэн” сониныг хүн бүхэнд дуудаж өгч
- Монгол трансын гарах амыг морьтой тосон давхиж
- Гуравдугаар хуралын шийдвэрийг ардад таниулж
- Гуйвалтгүй намынхаа бодлогыг түгээж явсан нэгэн
- Хорин зургаан онд Үндсэн хуулийг
- Хотлоор хэлэлцхэд батлалцсан ард
- Цэнхэр орныхоо дархан хилд
- Цэргийн алба хаасан
- ...Онгон хилийн харуулын...
- Овоотын ... дугаар заставын байлдагч
- Таван жил гэрээсээ захиа авалгүй
- Там тумхан сургаар сэтгэлээ баярлуулсан цэрэг
- Эгнэсэн жагсаалын шинельтэй амь
- Эгэл түмнийхээ итгэлийн манаа
- Эр цэргийн албыг
- Эсэн мэнд хаасан
- Ижил олон нөхөдтэйгээ
- Инээж наадсан халуун давалгаа
- Их хавын хөх тэнгэрт
- Нумлаж татсан идэр солонго
- Энгэртээ одонгүй, цэргээс ирсэн ч
- Удалгүй сумын дарга болсон
- Халин нисэх жигүүрээ
- Эрийн бяраар дэлгэж
- Хайрын сайхан бурмыг
- Цэцгэн дундаа амсаж
- Тоонот гэрийнхээ ханыг эрсэлж
- Тотгот тулгандаа галаа уугалсан
- Айлын хөөрхөн бүсгүйн хань
- Амьдралын өртөөний ноён нуруу
- Хосоороо болж ганганасан
- Хонгорын бүрдийн ангир
- Удаах жил нь гурвуулаа болон
- Урин шувуу шиг ниссэн жаргал
- Эрдэм мэдлэгийнхээ дутууг
- Зүтгэл хөлсөөрөө нөхөж
- Энэ төрийн төлөө үнэнч бай гэж
- Эргэшгүй зарлиг зүрхэндээ буулгасан
- Эд эрхэндээ харам нэгэнд ташуурдуулж
- Эмээлийн салхинд зайдлуулж, хээр явгарч зовсон
- Эцэстээ хүрсэн хорслоор илгээсэн бууны сумнаас
- Эрхий дарам зайд зүрхээ зөрүүлж үзсэн
- Хатуу жилүүдэд
- Хат суусан хориод оны намын гишүүн
- “Халимаг хар” гэж цуу дуунд шоолуулж
- Хавчигдаж, занагдаж явсан
- Халуун омголон залуу нас
- Дайн, зуд хоёр
- Давхар нэрмэсэн жилүүдийн
- Дайчин ар талд
- Холын гэлээ ч
- Хамгийн ойрын...
- Сэтгэлд сунадалсан тэр сүүдэрт
- Сэлүүн талын цэцэгс даарч
- Сэргэлэн хонгор ааль даажин
- Сайхан инээд нүдэндээ хярсан
- Дайны жил
- Оёсон нэхий бээлийд эхийн сэтгэл нүүлгэж
- Олны номхон нүдэнд хорсол нүүгэлтэж
- Цайгаа
- Цавьдар нараар сүлж
- Цагийн байдлыг
- Чихээрээ биш зүрхээрээ сонсож байсан
- Миний нутаг дээгүүр
- Тахтай адгуус шиг дайн
- Эцгийн минь сэтгэл дундуур
- Хоньны нэхий өлгий дундуур минь
- Тачигнаж өнгөрсөн хорвоо донсолсон тэр жилүүдэд
- Хотол олонтойгоо хамт
- Бие ухаанаараа дайтсан
- Битүү дотуураа шархадсан дайчин
- Эцэг минь
- Бүтэхгүй нь их хэцүү үед
- Хүртэхгүй юмгүй хатуу цагт
- Хонь хяргаж, худаг гаргаж
- Утасны модны нүх ухаж
- Улаан буланд ухуулах хуудас бичиж
- Хувьсгалыг бэхжүүлэх үйлсэд
- Хувиан оруулж явсан
- Ялалт биднийг тойроогүй
- Яг л өөдөөс
- Яралзтал инээмсэглэж ирсэн
- Дөмөн хүлгийнхээ дэлэнд
- Баярын нулимсаа шүүдэрлүүлж
- -Дайн дууссан гэж
- Бахардталаа хашгирч явсан гэнэлээ
- Эцэг минь
- Ялалт хүн болгонд инээд өгч
- Ямаатсан тогоонд идээ орхиж
- Цангасан үзгэнд бэх уулгаж
- Цагийн магнайд нар буулгасан
- НҮБ-ын тэнгэрт
- Монголын далбааг мандуулахад
- Нүдээрээ дүүрэн
- Баярын нулимстай
- Бүх дэлхий
- Бүгд найрамдах
- Монгол ард улсыг зөвшөөрлөө гэж
- Догдолж хөөрч
- Долоон товчтой дээлэндээ
- Багтаж яданд суусан...
- Азтай эр
- Азай бахархал
- Сансарт монгол хүн нисэхэд
- Сэтгэл нь бас долоо хоног гаригийн гадаа нисэж
- Шилэн хорготой харж зогсохдоо
- Сэтгэлд багтаагүй үнэнийг шогширч
- Түүхийн гараас хөтөлж дагасан
- Түмнийхээ адил жаргаж дэлгэрсэн
- Миний буурал аав
- Тэмцэж олсон хувьсгал
- Төр түмнийхээ ачаар
- Тэтгэвэрт гарсан өвгөн
- Тэгтлээ бас зүгээр сууж чадахгүй явна.
- -Хүн юм болхоороо би
- Хорвоод юм нэмсэн, бас элээсэн
- Чадалтай байхдаа хийж амжилгүй хагас орхиж
- Чамд үлдээсэн хувь бий.
- Хураагаагүй тарна
- Бариагүй байшин
- Бичээгүй шүлэг
- Хагалаагүй атар
- Дуулаагүй дуугаа
- Ирээгүй ирээдүй
- Үнсээгүй ачийнхаа хувь заяаг та нартаа өгнө
- -Та нар бүтээн босгоорой гэж захиж сууна.
- Учир нарийн амьдралын
- Ураг алтан хэлхээ
- Уламж хойч хоёрын
- Удам залгасан холбоо
- Хотойж ер үзээгүй
- Он жилүүдийн хүн гүүр
- Хожмийн миний үр
- Хорвоод өргөх нэр- нүүр
- --------------------------------------------------
- Миний түүх
- --------------------------------------------------
- Би гэдэг
- Эхийнхээ хэвлийд арван сар
- Уруугаа урган ургаж
- Эх газарт хүрүүтээ
- Дээшээ урган ургасан
- Цаг тооны үргэлжлэл
- Цагаан сүүний ургамал
- Мичин жилийн зудны
- Намхан хар үүлэн доор чарласаар...
- Миний төрснийг дуулсан эцэг минь
- Өвлийн балчир есийн жавар дундуур
- Өртөө газар жолоо хумхилгүй давхиж ирэхэд
- Даахьт морины нь үс бүхэнд мөс шаргиж
- Даргисан цай шиг уур савсаж
- Цомбон туурт нь цас товууцаж
- Зогсож чадахгүй бөмбөлзөж байсан гэлцдэг
- өглөөний гэгээ хүлээж тэвчээгүй эцэг минь
- Үрээ үзье гэж банзан шүдэнз зурахад
- Өөдсийн чинээхэн миний улаан нүүр
- Үрчилзэж байсан гэнэлээ.
- Аавын зурсан шүдэнзний галаас
- Үүрийн туяа залган хаяарч
- Амьдын сайхан хорвоогийн
- Гэрэл гэгээ намайг тэвэрсэн
- Эрдэмгүй балар харанхуйг би үзээгүй
- Эрүүл сэтгэл эмтэлсэн дайны харанхуйг үзээгүй
- Гуниг баярын хорвоод хүн ирсний учир
- Гурав хоноод намайг угаахад
- Айл хунарынхан минь
- Чадах ядахаараа хөл алдаж
- Атга атга гурил өгсөөр
- Зургаан жин гурил
- Зулыг халсан хоёр хугархай лаа
- Нэг харандаа цугласан гэдэг...
- “Хөлтэй нар” шиг өөдөөс нь дэрвэсэн
- Хөгтэй бага насаа би
- Хөгшдийн өвөр дээр үдсэн
- Алга, алга дамжсан
- “Амьсгалдаг тоглоом” би
- Аавын голомтын тэнгэр байсан
- -Май, гэж хэлд орсон юм гэж
- Манайхан намайг ухаангүй өхөөрдөж
- Өтлөх насны минь хөл түшиж
- Өвөр дээр минь жаргал асгана гэж бэлэгшээсээр...
- Нялх биетэй эх минь
- Бэлгийн бээлий оёж
- Намхан буурал морио
- Миний нэр дээр фронтод өгсөн.
- Миний нэртэй тэр морь
- Мэнд л явсан бол Берлинд хүрсэн
- Унаж хөлд орсон шигээ
- Эвдэж хүн болсоон би...
- Эмээлийн бүүргэнд хүрүүтээ
- Давхихын өвчинөөр өвдсөн...
- Эцгийн өврөөс гаруутаа
- Хайрын өвчнөөр өвдсөн...
- Энэ сайхан өвчнөө
- Жаргал болтол архагшуулсан
- Эмээгийн лүнтэн эрхийг эрхэлж байгаад хаячихаад
- Эцэг минь намайг зэмлээгүй мөртлөө
- Ингэ хөөсөлж байхад
- Инээлээ чи гэж
- Эр суран чөдрөөр
- Гувруу таттал ороолгосон
- -Үгэнд ордог болно гэж
- Ижий минь бодсон...
- -Үхрээ туугаад ир, гэхэд
- Тоглоомондоо хорогдоод нэг яваагүй
- -Үхэхэд хөл хучна гэж
- Ижий минь санасан
- Үнэний хорвоог орхиход нь
- Томилолтоор яваад эзгүй байсан
- Өнгөт энэ орчлонгоос
- Өгснөөсөө авсан минь их...
- Нүгэл баярын хорвоогийн
- Нүүдлийн их замд
- Өлгий, авс хоёроос
- Өөр шагналгүй үхсэн ч
- Өмөлзөж гунихгүй эр хүн
- Өрөө барахгүй
- Үрлэгэн үр
- Төрөө барьдаг
- Түмний нэг ээ, би
- -Амьсгалъя гэж гуйхад нь
- Утаа тогтоогүй араар өгсөн
- Тэр эх орных байсан...
- -Алхъя гэж гуйхад
- Хотойж үзээгүй газар шороо өгсөн
- Тэр эх нутгийх байсан...
- Алгаан дэлгээд гуйхад
- Морины цулбуур өгсөн
- Тэр, найргийн ажнай байсан
- -Ааваа гэж дуудахад эцэг минь
- Асаах галын чинь зөн гэж
- Хэт өгсөн
- Тэр, өвөөгийнх байсан...
- Үүл нүүсэн хөх тэнгэр
- -Үлгэр хэлж өгье гэж гуйсан
- Үндэс сүлжээлсэн ангирт нуга
- -Дуулж өгье гэж гуйсан
- Эрхэм төр минь
- Эрх өгсөн, үүрэг өгсөн
- Эх орон минь
- Гэр өгсөн, нэр өгсөн
- ...Учиргүй битгий давхи
- Морин туурайд нутгийн чулуу төөрдөг гэж
- Өвөөгийн минь хэлсэнийг
- Өөрт минь шивнэсэн...
- Залуу модны оройд
- Үүрээ засах шувууг харалгүй
- Жамын хорвоод тэрсэж
- Үндэс салааг нь хөрөөдөж үзсэн ч
- Гэм зэм тэнцүү хорвоод
- Гэрэл, сүүдэр алгассан дэлхийд
- Арван тавны тэргэл саран доор
- Аавы нь үнсэлт эгшээгүй
- Хацраа хонхойтол инээж
- Адгаж хүссэн захидлын чинь хариу гэж
- Алган дээр минь хуруугаараа гэр зурж
- Гэзгээрээ оролдсон улаан хацартай охин
- Гэргий минь болж зүрхий минь налсан
- Анхныхаа үрийн дууг сонсох гэж
- Амаржих газрын цонхон доор хөлсөж
- Одтой тэнгэрийн доор нэгэн бие үржин
- Олныхоо дэмэнд нэр, мөр бүтэн явнаа...
- Анирт талын цээлд дуу бидэртэхийг сонсож
- Айцын цагаан хөтлөөр морьд яралзахыг харж
- Зүрхэндээ нэрсэн баярын нулимсаа
- Зүлэг согттол унагалж, уярч яваа юм бол
- Энэ зууны хөгжил дэвшил
- Эхийн бүүвэй, хагацалын цурхираан
- Алинаас нь ч би хол байгаагүй,
- “Амсаж эдэлж” явсны нэгэн,
- Он цагийн гараас зуурч
- Оддын зүг, эв хамтын зүг тэмүүлэн
- Хөгжил дэвшлийн их сунгаанд
- Хөлөө олох гэж яваа эр хүн,
- Адуу тургилсан ногоон тал
- Аргаль зулрах ян халил,
- Хүслийн бурантаг, зам харгуй
- Хүүхдийн зулай шиг нойтон нуга,
- Бэлчээрт гээсэн алчуур шиг цэнхэр зэрэглээ
- Бүртийх бараа, хот айл, адууны үнэр
- Зуун зууны буурал түүх
- Зулай шүргэх үүлэн зардас
- Зуллаж буусан газрын одод- хот, суурин
- Хөллөж боссон үйлдвэр, уурхайн цогцолбор
- Учраагүй зөрсөн азгүй бороо
- Улирал билгийн дөрвөн тохироо
- Ирэх цаг, одох мөч,
- Инээд гуниг миний зүрхний өмч
- Бор талынхаа хялганын толгой сэвэлзэх
- Бодол, ухаарлын шүлэг бичвээс
- Миний хариулах ач.
- Ойд багтамгүй гэрлийн хурд
- Орчлонг хувьсгасан сансрын эринд
- Дутуу юмгүй эр хүн
- Дуу зохиож явна...
- Үүр цайхаас өрсөн
- Одтой шүлэг бичнэ.
- Үдэш болохоос түрүүлж
- Нартай шүлэг бичнэ.
- Өтлөх наснаас өрсөж
- Хайрын шүлэг бичнэ.
- Үхэл ирэхээс өрсөж
- Дэлгэр монголоо дуулна.
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement